Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-12-19 04:02:07

УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ

(2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар)

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж байна.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

Энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 гаруй орчим хувьд буюу Түргэн, Өндөрхангай, Цагаанхайрхан, Завхан сумдын зарим, Сагил,  Улаангом, Тариалан, Тэс сумын ихэнх нутгаар  дунд үнэлгээтэй байсан.

11 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20 см-ээс их,  Малчин, Хяргас, Баруунтуруун, 10-22 см, бусад нутагт 0-3 см цастай байна.

Зудын эрсдэлийг тооцоолж, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зургаас үзвэл нийт нутгийн  10.5 хувь их, 26.3 хувь нь дунд зэрэг, бусад нутгаар бага эрсдэлтэй байна. Сумын дүнгээр авч үзвэл:

Зудын эрсдэл их: Сагил, Наранбулаг, Бөхмөрөн, Ховд, Зүүнговь сумдын зарим багийн нутаг хамрагдаж байна.

Зудын эрсдэл дунд зэрэгт Ховд, Сагил, Хяргас сумдын ихэнхи, Наранбулаг, Малчин, Давст, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Завхан, Өлгий сумдын зарим хэсэг хамрагдаж байна.

Өнгөрсөн зун бороо хур элбэг, нэгжийн ургац сайн улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээтэй гарсан, мөн 12 дугаар сард дунджаас дулаан, цас багатай байх төлөвтэй байгаа нь зуд турхан үүсэх нөхцөл бага байгааг харуулах боловч цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх талтай юм.  

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.